Соёлын элч Морин хуурын чуулга Япон улс дах аялан тоглолтоо дуусгаад ирлээ

Соёлын элч Морин хуурын чуулга Япон улс дах аялан тоглолтоо дуусгаад ирлээ

Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга Наран улсыг тойрон айлчлан тоглолтоо хүргэсээр эх орондоо ирлээ.

Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулгын хамт олон Наран улсын үзэгчдэд уран бүтээлээ хүргэхээр арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Япон улсыг зорьсон билээ. Тэдний анхны тоглолт Монгол-Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүндэтгэлд зориулан Япон Улсын Токио хотын “NHK Hall”-д ёслол төгөлдөр зохион байгуулагдсан бөгөөд, тоглолтод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм Дээд хатан Масако нар болон хоёр улсын сайд төлөөлөгчид гээд олон хүндэтгэлтэй хүмүүс уригдан ирсэн түүхэн үйл явдал боллоо.

Мөн Япон Улсын Oberlin их сургууль, Осака хотын соёлын өв болох Чюүококайдоо төв, Big eye, Сүмиёши Дайша сүм, Изүмисано хот, Нара муж Каваками тосгон, магияи мужын Хоохү хот, Фүкүока хотын Хакатаза, Тоттори муж Ёнаго хот, Шизүока муж Яизү хот, Хачиоожи хот , Токио хотын Итабаши дүүргийн соёлын төв зэрэг 12 удаагийн аялан тоглолтыг амжилттайгаар зохион байгуулсан юм.

Үндэсний өв соёлоо эх орныхоо төдийгүй, олон улсын тайзнаа хүндэтгэлтэйгээр түгээн дэлгэрүүлж олон арван тайзнаа тоглолтоо амжилттайгаар зохион байгуулж өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирж буй Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Удирдаач МУУГЗ Д.Түвшинсайхан, гоцлол дуучин МУГЖ Б.Мөнхбаатар, ДБЭТ-н гоцлол дуучин СТА Б.Энхнаран, СТА Б.Монголхүү нартаа баяр хүргэе.Морин хуурын чуулгын Япон Улс дахь айлчлан тоглолтын санаачлагч ерөнхий зохион байгуулагч Сато Норико, дэмжин ажилласан Монгол Улсын Гадаад Хэргийн Яам, Соёлын Яамны удирдлага хамт олонд Монгол Улсын Филармонийн удирдлага, уран бүтээлч хамт олны зүгээс чин сэтгэлийн талархал дэвшүүлье!

Хүндэтгэсэн Монгол Улсын Филармони.

Шинэ Мэдээлэл