Р.Амарбаяр: Ширэн цартай хууранд л хамаг нууц нь бий...

Морин хуур хөгжим болон түүгээр тоглох урын сан байнга шинэчлэгдэж байгаа энэ цаг үед уламжлал, шинэчлэлийг хослуулан хөгжүүлэх хүндтэй үүрэг Морин хуурын чуулгынханд ногджээ. Тайзны тоглолтод зориулан ширэн цараа модон болгож, дууг нь чангалсан хэдий ч морин хуур хөгжмийн түүхийн хуудсанд хэсэг балархай мөр бичигдэхэд ойрхон байлаа.
Энэ дутагдлыг цаг үеэ мэдрэн олж харж, хөгжим урлаачдын технологийн шинэчлэлтэй хоршуулснаар Морин хуурын чуулгынхан энэ сарын 28-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт “Жингийн цуваа” тоглолт хийх болжээ.
Энэ тоглолтын гоцлооч нь соёлын тэргүүний ажилтан Р.Амарбаяр. Тэрбээр ширэн цартай хуураар тоглож, “амтанд” нь орсон нэгэн. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

- Морин хуурын чуулгынхан Сар шинийн баярын өмнөхөн “Гайхамшигт ардын дуу” цуврал тоглолт хийж үзэгчдээ баярлуулдаг. Энэ жил “Жингийн цуваа” тоглолтоор ардын дуу, хөгжимд дуртай хүмүүсийн сонорыг мялаах нь. Бас энэ тоглолтын өмнө танайхан ширэн цартай морин хуур захиалан хийлгүүлж, түүгээрээ тоглохоор болсныг дууллаа.
-Ширэн цартай морин хуур гэхээр юуг хэлээд байна вэ гэж гайхаж магадгүй. Морин хуур хөгжмийн уламжлалт хийц нь ширэн цартай байжээ. Ийм хуур арьс, ширний боловсруулалт болон хийх технологиосоо хамааран тайзны хурц гэрэл, чийгтэй орчинд хөг нь өөрчлөгдчихдөг байсан учраас царыг нь модон болгож өөрчилжээ. Модоор орлуулах санаачилга нь манай алдарт хуурч Г.Жамъян багшаас гарч, ОХУ-ын хөгжмийн мастераар хийлгэсэн түүхтэй. Анхны сайхан дуутай модон цартай хуурыг монголчууд 1965 онд сонссон. Тэгээд 1967 оноос сургалтад шилжсэн байна. Модон цартай хуур олон давуу талтай хэдий ч эргээд харах нь ээ, бид уламжлалаа мартах шахжээ. Аливаа зүйл хөгжсөн ч уламжлалаа мартаж болохгүй. Ширэн цартай хуур заавал байх хэрэгтэй. Өвөрмөц дуугаралт буюу тембр нь ардын болон уртын дуу тоглоход нийцтэй байдаг. Өдгөө хөгжим урлах технологи шинэчлэгдэж, арьс боловсруулах болон, хөглөгч чих тогтох арга өөрчлөгджээ. Тиймээс одоо ямар ч нөхцөлд ширэн цартай хуур тоглох боломжтой. Би Тайланд, Японд ширэн цартай хуур тоглож байсан. Манай чуулгынхны тоглох хөгжмийг “Хан мюзик” компанийнхан хийсэн.

-Тоглолтын нэрийг зохиолтой холбож ойлгох уу эсвэл өөр утга санаатай юу?
-Шууд утгаар нь ойлгож ч болно. Жингийн цуваа гэхээр ачаа дүүрсэн олон тэмээ нүдэнд харагддаг даа.
Морин хуур хөгжим эртний түүхтэй. Аргасун хуурчаас эхлээд өнөөг хүртэл хууртай амьдралаа холбосон хүмүүс бол жингийн цувааны нэг хэсэг. Бид бурантгаар холбоотой байгаа гэсэн үг. Тэр олон тэмээний нэг нь бий. Тэмээний тээсэн ачаа бүрээс өөр хөг аялгуу, хөгжмийн эгшиг ундардаг. Тэр утгаар ингэж нэрлэсэн.

-Өмнө нь 14 морин хуурч хамтдаа ширэн цартай хуур тоглож байгаагүй байх аа?
-Ийм олуулаа анх удаа тоглох гэж байгаа болохоор бид ч догдлон хүлээж байна. Муухай дуугарах ямар ч үндэс байхгүй. Би 2011 оноос хойш ширэн цартай морин хуур түлхүү сонирхож, өөрийнхөө хэмжээнд туршилт хийж тоглосоор яваа.
Монголдоо уралдаанд оролцохдоо ширэн цартай хуураа тоглосон. Өнгөрсөн жил бид Сар шинийн баярын үеэр энд тэндээс хуур цуглуулж, найм болгоод тоглож үзсэн. Үзэгчдэд ч ширэн цартай хуурын аялгуу таалагдсан. Энэ дашрамд, ширэн цартай 14 морин хууртай болоход дэмжлэг үзүүлсэн ЭДКС ХХК болон хөгжмийг урласан “Хан мюзик” компанийнханд талархлаа илэрхийлье.
-Ардын дууны тоглолт болохоор шинэ зохиол бараг л байхгүй болов уу?
-Бид Үндэсний их баяр наадмаар “Монголын сайхан орон”, өвлийн улиралд сонгодог болон шинэ жилийн тоглолт, цагаан сараар ардын дууны тоглолт хийдгийг манай байнгын үзэгчид мэдэж байгаа байх л даа.
Шинийг эрэлхийлж, өөрсдийгөө хөгжүүлсэн тоглолт голдуу хийдэг. Энэ удаа ардын уртын болон богинын дуугаа хүргэнэ. Хуучин зохиолыг сэргээн тоглоно. Гэхдээ үзэгчдэд шинэ мэдрэмж төрүүлэх болов уу. Манай тоглолтод урилгаар үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын дуучин Б.Мөнхбаатар оролцоно.
-Таныг Японд ажиллаж байгаад ирсэн гэж дуулсан. Багшилсан уу эсвэл тоглооч байсан уу?
-Би Японд мэргэжлээрээ таван жил ажилласан. Тухайн үед харьцангуй завтай байсан учраас чөлөөт цагаараа их багш Г.Жамъянгийн тоглосон ардын уртын болон богино дууг сонсож, хэрэндээ л дуурайж тоглохыг хичээсэн. Адилхан л тоглоод байхад өөр сонсогдоод, өөрт ч таалагдахгүй байлаа. Санаандгүй нутагтаа амрахаар ирсэн үедээ ширэн цартай хуураар өмнө нь тоглодог байсан зохиолоо тоглоход огт өөр сонсогдсон. Ингээд ширэн цартай морин хууранд эргэлт буцалтгүй дурлаж, ширэн болон модон цартай хоёр хуур гэрийн хоёр багана шиг хамт байх ёстойг ухаарсан. Ардын дууны өнгө, аялгуу, донж маягийг ширэн цартай хуур илүү сайн тодруулдаг.
-Та морин хуурын чуулгын анхдагчдын нэг. Тиймдээ ч ширэн цартай хуураа нэхэн санаж, эргэн тоглох болсон нь таатай байна.
-Би Завхан аймгийн Яруу сумын уугуул. Сумынхаа хөгжмийн дугуйланд явж байгаад Завханд Хөгжим бүжгийн дунд сургууль байгуулагдахад анхны элсэгч нь болж, улмаар 1991 онд Улаанбаатарын ХБК-д шилжин ирсэн. Гэтэл дараа жил нь буюу 1992 онд Морин хуурын чуулга байгуулагдаж 2-4 дүгээр курсынхныг хамруулахад мөн л миний нас тохирч би орсон. 20 гаруй жил морин хуур тоглож байгаа ч сурч дуусдаггүй агуу урлаг юм аа. Тийм болохоор хойшид ч олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа.
-Тухайлбал?
-Эхнийх нь энэ тоглолт юм. Дараа нь Г.Жамъян багшийн тоглосон уртын дуунуудыг өөрийнхөө хэмжээнд ноотолсныгоо оюутнуудын гарын авлага болох товхимол болгон гаргана. 10- аад уртын дуу ноотолсон.
-Уртын дуу ноотлох амаргүй гэдэг.
-Тийм ээ. Бидний мэдэх европ ноотоор 80 хувьтай л тэмдэглэх боломжтой. Үлдсэн хувийг нь сонсож ойлгох учраас товхимолоо аудио цомгийн хамт гаргана.
-Морин хуурын чуулгынхнаасаа хол байж байгаад ирэхэд өөрчлөлт мэдрэгдсэн үү?
-Таван жил гадаадад ажиллаад ирэхэд чуулгаа маш их санасан. Хурдан хоцордог юм байна. Ирснийхээ дараа 2-3 сар сайн бэлтгэл хийсэн. Одоо ч гэсэн залуучууддаа гологдохгүйн төлөө хичээн ажиллаж байна.

Өнөөдөр сонин. 2016-01-19 17:40. Ж.СОЛОНГО

Холбоотой мэдээлэл