Монгол Солонгосын хамтарсан тоглолт болж өнгөрлөө.

Улсын Филармонийн Морин хуурын чуулга, БНСУлсын Үндэсний найрал хөгжмийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт 2016 оны  9-р сарын 22-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амжилттай болж өндөрлөлөө. Тус тоглолт нь  өнгөрсөн жил Монгол Солонгос хоёр орны дипломат харилцаа  тогтоосоны 25 жилийн ойн хүрээнд Кванжү хотод зохион байгуулагдсан тоглолтын үргэлжлэл болон тоглогдсон билээ. Энэ удаа  Монгол улсын засгийн газрын албан ёсны урилгаар  Кванжу  хотын үндэсний найрал хөгжим, Улсын Филармонийн морин хуурын чуулгын уран бүтээлчидтэй хамтран тоглосон нь энэ билээ.

Тус тоглолтыг  Улаанбаатар хотын нийгмийн асуудал хариуцсан  орлогч дарга хадагтай Анхмаа, Кванжү хотын дарга ноён Юн Жан Хён нар үг хэлж хүрэлцэн ирсэн иргэд, төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэн тоглолтыг албан ёсоор нээсэн юм.  Тоглолт  Кванжү хотын үндэсний найрал хөгжмийн тоглолтоор эхэлсэн ба тоглолтын 2-р  хэсэгт Улсын Филармонийн Морин хуурын чуулга ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы удирдлагаар хөөмэйч, морин хуурч Н.Ашит, ятгын гоцлол П.Дэлгэрцэцэг, Морин хуурч Ч.Балган нарийн тоглолтоор үргэлжилсэн бол тоглолтын оргил хэсэг болох төгсгөл хэсэгт Улсын филармонийн морин хуурын чуулга, БНСУ-н Кванжү хотын үндэсний найрал хөгжмийн уран бүтээлчид хамтран тоглосноор тоглолт өндөрлөсөн юм. Тус тоглолтонд хүрэлцэн ирсэн үзэгчид сэтгэл дүүрэн баяртайгаар тоглолтоо хүлээн авсан билээ.

Энэхүү хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолт амжилттай болж өндөрлөсний дараа хүрэлцэн ирсэн хүндэт төлөөлөгчид, уран бүтээлчдэд босоо хүлээн авалт зохион байгуулсан бөгөөд тус хүлээн авалтанд ирсэн хүмүүст хүндэтгэл үзүүлэн  Улсын Филармонийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Батхуяг, БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин У Сун болон Солонгосын үндэсний найрал хөгжмийн удирдаач Ким Гуанг Бок  нар үг хэлсэн юм.

 

Холбоотой мэдээлэл