Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы ярилцлага.

Жинхэнэ Монгол аялгуу, гайхамшигтай урлагаа 25 жил эх орондоо болон хилийн чинадад мэргэжлийн өндөр түвшинд сурталчилсаар ирсэн Морин хуурын чуулгын Ерөнхий удирдаач, Соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхантай ойн баярынх нь Гала тоглолтын өмнөхөн уулзаж ярилцлаа.

-За сайхан намаржиж байна уу, уран бүтээл өндөр үү?

-Намаржаа тавлаг, уран бүтээл урьдын адил оргилсоор чуулга байгуулагдсаныхаа 25 жилийн ойтой золгож байна. Ер нь уран бүтээлчид бид бүхнийг гэрэл гэгээтэй дэврүүн сайхан талаас нь хараад сурчихсан хүмүүс болохоор уран бүтээл ч тэр, амьдрал ахуй ч тэр сайн сайхан байна л гэж хэлнэ дээ. 

-Өнөөдөр таныг Морин хуурын чуулгын дарга гэж ойлгож болох уу?

-Хэ хэ. Дарга гэхээсээ Ерөнхий удирдаач гэвэл илүү зохилдоно. Эрч хүчтэй, мэргэшсэн, залуу сайхан хамт олныхоо өмнө нь зогсож аялгуут сайхан эгшгийг нь удирдаж дохих нь миний гол ажил юм л даа. Уг нь үндсэн мэргэжил бол морин хуурч байгаа юм.

-Өөрийг тань Өвөрхангайгаас Хөгжим бүжгийн дунд сургуульд элсэн орж морин хуурчаар төгссөн гэдгийг урьд нь сонсож байсан юм байна?        

-Тийм ээ. Би 1975 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд мэндэлсэн. Манай аав Дэлгэрсайхан Цагдаагийн академи, ээж Мягмарсүрэн Төмөр замын техникумын “Холбооны анги”-ийг дүүргэсэн хүмүүс. Ингээд Дундговь аймгийн Гурвансайхан суманд томилолтоор ажиллах үеэрээ танилцаж ах дүү бид тавыг төрүүлж өсгөсөн юм. Миний ах Д.Гурвансайхан  гэж буян номын мөр хөөсөн хүн байдаг бол дүү Жавхаасайхан уртын болон зохиолын дуугаар ард олондоо танигдсан уран бүтээлч бий. Түүний дараах хоёр дүүг маань Д.Цогжавхлант, Д.Золзаяа гэдэг. Миний хувьд Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, Ардын жүжигчин нэрт сурган хүмүүжүүлэгч Ц.Батчулуун багш маань Өвөрхангайд очиж шалгаруулалтад оруулан Хөгжим бүжгийн дунд сургуульд 1988 онд элсэж ороод 1994 онд коллеж болчихсон байхад нь төгсөж байлаа.

Яг л Морин хуурын чуулга байгуулахтай зэрэгцээд шахуу Хөгжим бүжгийн коллежоо төгсөж байж дээ?

-Бараг л тийм шахуу. Бидний найман морин хуурч 1994 онд төгсөхөөс өмнө гурван ах төгссөн байсан. Морин хуурын чуулга маань байгуулагдаад 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд анхны тоглолтоо хийснээс жилийн дараа бид сургуулиа төгсөөд ирж байлаа. Тэгээд 10 гаруй хуурч байнгын бэлтгэлтэй байх болсон. Анх манай чуулгын урын сан хомс шахуу тоглох зохиол багатай байсан. Тухайн үед Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд удаагүй, улс орны эдийн засаг, ард түмний амьдрал нэлээн хүнд үе байсан л даа. Идэж уух хүнсний зүйлээ картаар авдаг тэр үед манай чуулгын тоглолтыг үздэг хүн ч гэж бараг л байдаггүй байсан. Тухайн үед голдуу дууны уран бүтээл дээр ажиллаж аймаг бүрээс нэг нэг гавьяат жүжигчнийг Улаанбаатарт урин авч ирж зохиолын дууны концерт хүртэл тоглож байлаа. Ер нь эхний жилүүдэд тэр тоглолтоор нэлээн амь зуусан гэж дүгнэж болно. Тэгээд удалгүй 1995-1996 онуудад хойшоо Улан-Үд рүү явж тоглолт хийж байгаад дараа нь Хөх хот явж тоглоод удалгүй Японд тоглож эхэлсэн. Өнгөрсөн 20 гаруй жилийнхээ циклийг эргээд харахаар Улан-Үдээс эхлээд нар зөв тойроод дэлхийн 30-аад оронд уран бүтээлээ толилуулж, Монгол урлагийн гайхамшигаар эх орноо сурталчилсан байдаг. Энэ дундаа Япон руу 40 гаруй удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ явж тоглосон байгаа. Ер нь Африк, Антрактид, Өмнөд Америк, Австрали гэсэн ийм дөрвөн тивд л очиж амжаагүй байна даа.

-Морин хуурын чуулга гээд ярихаар л Ардын жүжигчин, алдарт морин хуурч, нэртэй сурган хүмүүжүүлэгч Ц.Батчулуун агсныг заавал ч үгүй дурсах шаардлагатай. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, улс орны амьдрал тун хүнд байсан тэртээх 1993 онд Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулсан алсын хараа, холч ухааныг нь бишрэхгүй байхын аргагүй? 

-Та үнэхээр гайхамшигтай үнэн үг хэллээ. Тийм ээ бид бүхний багш бол эгэлгүй эх оронч, нэрт сурган хүмүүжүүлэгч, ёстой жинхэнэ эр хүн байсан юм. Анх 1989 онд Батчулуун багш, манай Жамъян багш, өнөөдрийн Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Жанцанноров гуай гурав Өвөрмонголын Их зуу аймгийн Ордос хотод очсон байдаг юм. Тэнд Өвөрмонголчуудын байгуулсан “Тахь” чуулга нээлтийн тоглолтоо хийж манай гурав ч тоглолтыг нь үзээд эх орон руугаа буцахдаа “Ерөөсөө Морин хуурын чуулга байгуулъя. Яагаад гэвэл Монгол үндэстнийг морин хуургүйгээр төсөөлөхийн аргагүй, бид яагаад Морин хуурын томоохон чуулга байгуулж болохгүй гэж” ярилцаад бэлтгэл ажлаа алгуурхан эхлүүлсэн байдаг. Тэгээд 1992 оны 12 дугаар сарын 9-нд Хөгжим бүжгийн коллежийн хоёр давхарын коридорт анхны хүүхдүүдээ цуглуулан хичээлүүлж эхэлсэн түүхтэй юм. Тухайн үед манай гурвыг Өвөрмонголд очиход нь Жамъян багшийг “Амьд бурхан”, Жанцанноров гуайг “Ярьдаг бурхан”, Батчулуун багшийг “Үүрдэг бурхан” хэмээн нэрлэсэн байдаг. Чуулгынхаа түүхийг эргэж сөхвөл ийм л зүйлийг хэлнэ. Хамгийн гол нь Засгийн газрын зүгээс шийдвэр гаргуулах ажлыг “Төрийн их хуурч” байсан ерөөлч магтаалч Цэрэндорж гуай дааж авч хөөцөлдсөөр байгаад бүтээсэн гэдэг. Бас нэг сонин түүхийг ярихад “Баян Монгол” чуулгын уран сайхны удирдаач байсан Ганбат ахын хоёр дүүгийн нэг нь Морин хуурын чуулга байгуулагдах тухай зарлигийг бичсэн бол нөгөө дүү нь Морин хуурын чуулга байгуулагдах тухай тогтоолыг бичсэн их сонин түүхтэй юм. Ер нь Морин хуурын чуулга байгуулагдахад Монголчууд их багагүй эрвийх дэрвийхээрээ тусалж дэмжин оролцсон гэж хэлэхэд болно. Би сүүлийн үед “Энэ 25 жилийн ой бол Морин хуурын чуулгын 35 хүний асуудал биш, нийт Монголчуудад хамаатай баяр ёслол шүү” гэж олон хэлж байгаа нь цаанаа их учиртай. Энэ бол “Хоёрхон утастай Морин хуур хөгжмөөр хорвоог уяраах шидтэй төрсөн” нийт Монголчуудын баяр юм аа. Бидний хувьд ойн жилээ том том бүтээлүүдээ тоглох төлөвлөгөөтэй ажиллаад үндсэндээ бэлтгэл ажил маань шувтарлаа. Энэ удаагийн тоглолт маань энэ жилийн тухайд 9 дэх томоохон тоглолт болж байна. Манай чуулгын 25 жилийн ой үндсэндээ ирэх 12 дугаар сард дуусна.

Ойн Гала тоглолт ирэх хагас сайнд болно. Бэлтгэл ажил хангагдаж дууссан уу. Мэдээж  хүмүүсийн сонсох дуртай хуучны олон сайхан зохиол бүтээлүүд эгшиглэх байх. Дээр нь нэмээд залуу хөгжмийн зохиолч Өлзийбаярын “Морин хуур, симпони найрал хөгжимд зориулсан II концерт” мэтийн шинэ, томоохон бүтээлүүд эгшиглэх болов уу?

-Тэгнэ. Залуу хөгжмийн зохиолч Өлзийбаярын “Морин хуур, симпони найрал хөгжимд зориулсан II концерт” бол одоохондоо яг концертын хэлбэрээр төгс бүтээгдсэн маш сайн бүтээл. Яг төгс концертын форм ямар байх ёстой юм тэрийг Өлзийбаярын энэ бүтээлээс харж болно. Ер нь ойн тоглолтдоо яагаад том хэмжээний концертууд оруулав гэхээр мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн тайзан дээр ямархуу бүтээл тоглох ёстой юм гэдгийг хамгийн нэгдүгээр шалгуур болгон тавьсантай холбоотой юм. Мэргэшсэн хөгжимчид ямар бүтээл рүү шунан дурладаг юм, бид үзэгчдээ ямар бүтээлээр байлдан дагуулах ёстой юм, ирээдүйн үзэгчдээ хэрхэн бэлтгэх ёстой юм гэдгийг бодолцож концертынхоо хөтөлбөрийг найруулсан. Тэгэхгүйгээр “Хүмүүс сонсох дуртай байдаг юм” гээд өнөөх л Шарав гуайн хөгжмүүд, Жанцанноров гуайн хуучны бүтээлүүдийг тоглоод байвал Морин хуурын чуулга уран бүтээлийн урын сангийн хувьд урагшаа ахихгүй байрандаа л дэвхцээд байна гэсэн үг шүү дээ. Бид хамгийн гол нь эдгээр мэргэшсэн хөгжимчдийнхөө ур чадварыг илүү шавхаж, үзэгчдийн сонорыг мялаасан шиг мялаах жинхэнэ ур чадвар шаардсан урлагийн бүтээл тоглохыг илүүтэй хүсч байгаа учир ойн тоглолтондоо үүнийг л удирдлага болгосон. Ийм ч учраас Өлзийбаярын II концерт, Жанцанноров гуайн ятганд зориулсан шинэ концерт гээд жинхэнэ мэргэжлийн хөгжимчдийн ур чадварыг шавхсан бүтээлүүд тоглоно. Тухайлбал Жанцанноров гуайн ятганд зориулсан шинэ концерт бол бичсэн арга барил, хэлбэрийн хувьд ч урьд өмнө байгаагүй цоо шинэ бүтээл. Манай хуучны концертууд бол ихэвчлэн аялгуу голлоод байдаг бол Жанцанноров гуайн энэ концерт нь тоглоочийн ур чадвар, техникийг л хамгийн их шаардсан их сонин бүтээл байгаа юм. Гэхдээ концертийн төгсгөл хэсэгт үзэгчдийн сонсох дуртай хоёр ч концерт дээр нь миний “Шинэ ертөнц” гээд нэг бүтээл төрийн шагналт хөгжмийн зохиолч Хангалын “Морин хуурын концерт” гээд нэлээн томоохон бүтээлүүд тоглогдоно. Энэ нь эргээд үзэгч, сонсогчдоо томоохон хэмжээний уран бүтээл сонсож сургах нэг ёсны хичээл болно гэж үзэж байгаа. Хэдийгээр баярын концерт ч гэсэн их олон зүйл бужигнуулахгүйгээр акедемик хэлбэрийг түлхүү барина гэсэн үг л дээ. Одоогоор тоглолтын бэлтгэл бүрэн ханасан гэж ойлгож болно.

Чуулгын маань ойн ажлууд үндсэндээ маргааш /өнөөдөр/ өглөө найман цагт Батчулуун багшийгаа нутаглуулсан газар нь очиж хүндэтгэл үзүүлснээр эхлээд өдөр 12:00 цагт багшийн тухай баримтат киноны нээлт хийгээд 14:00 цагт Морин хуурын чуулгын тухай судлаачдын 9 илтгэл, дурсамж яриа танилцуулагдана. Тэгээд 21-нд хүндэтгэлийн концер тоглогдох төлөвлөгөө гарсан байгаа. Эдгээрийн дараа 11 болон 12 дугаар сард нэг нэг концерт тоглогдсоноор манай 25 жилийн ой шувтрах юм.

-Японд 40 гаруй удаа тоглосон гэж байна. Энэ зун таньдаг Япон маань гэр бүлийнхээ хамт ирж наадам үзэж Хөвсгөл явж амраад буцахдаа “Танай Морин хуурын чуулгыг дөрвөн удаа үзэхэд огт уйдах сэтгэл төрөөгүй” гэж байсан. Эндээс харахад Морин хуурын чуулга, Монгол аялгуу, хөгжим гэдэг үнэхээр гайхамшигтай юм даа?

-Тийм ээ. Манай чуулга Японы ихэнх том хотуудад бараг л тоглочихсон доо. Бид “Италийн алдарт Ласкаль театрт л тоглочихвол боллоо” гэж багшийг амьд сэрүүн байхад л ярьцгаадаг байсан. Гэхдээ л Москвагийн “Большой театр” ч юмуу Францад Юнескогийн танхимд, АНУ-ын “Корнеги Холл”-д гээд олон алдартай танхимд манай чуулга тоглож байлаа. Сая хамгийн сүүлд Хонконгийн Засгийн газрын урилгаар тэдний хамгийн том хоёр концертийн төв дээр нь очиж тоглоод ирсэн. Гадныхан манай чуулгын хөгжмийг “Үнэхээр аялгуулаг” гэж магтдаг нь Монголчуудын гол онцлог юм л даа. Яг манай Монголчууд шиг аялгуулаг ард түмэн бол Италийн Сициль арлынхан л байдаг гэж ярилцдаг нь нэг бодлын гайхамшигтай, нөгөө бодлын бас их сонин. Ер нь манай Монголын хөгжмийн гол онцлог бол үнэхээр тансаг, аялгуулаг байдагтаа оршдог л доо. Гэхдээ одоо бид хэт аялгуулаг гэхээсээ хөгжимчдийнхөө ур чадварыг дээд зэргээр шавхсан, жинхэнэ хөгжмийн боловсролыг үзэгчдэд олгох хөгжим рүү хандаж эхэлж байгааг хэлэх ёстой. Манай хөгжимчид маань үнэхээр мэргэжлийн талд их өндөр түвшинд оччихсон учраас эднийгээ улам цааш нь эрчлүүлэх гол хөшүүрэг нь жинхэнэ мэргэжлийн өндөр түвшинд бичигдсэн хөгжмийн бүтээл байгаа юм. Таны түрүүн хэлсэн тэр Японы үзэгч яг л үнэнийг хэлсэн байна. Яагаад гэвэл хөгжмийн их өндөр боловсролтой Японы үзэгчид манай чуулгын тоглолтыг дагаж яваад л дахин дахин үзээд байдаг юм билээ. Ямар сайндаа манай концертийн хөтөлбөрийг бүр цээжилчихсэн “Танайх өнөөдөр “Аравт” киноны хөгжмөөс тоглох уу” гэж асуугаад зогсож байгаа Япон үзэгчтэй нэлээн хэдэн удаа таарч л байлаа. Монголын түүх агуу болохоор Чингис хаантай холбоотой ч юмуу, агуу их байлдан дагууллын үеийн тухай хөгжим байна уу гэж их сонирхдог юм билээ.

-Моринхуурын чуулгын концертмейстер авъяаслаг морин хуурч Жигжиддорж АНУ-д жил гаруй суралцаж, алдарт Нью-Йоркийн театрт концерт тоглосон Монголын анхны морин хуурч болоод ирсэн байна лээ. Энэ мэтчилэн Морин хуурын чуулгын хөгжимчид дэлхий рүү гарах ажлууд хийгдэх үү, хийгдэж байгаа юу?      

-Яг ийм ажилд Монголын төрийн оролцоо ихээхэн шаардлагатай юм билээ. Өнөөдрийн байдлаар Монголын төр урлаг соёлоо анхаарах сөхөөгүй л байх шиг байна. Монголын төрийн хийж чадахгүй байгаа ажлуудыг Япон дахь Монголын соёлын элч Сато Норико гэж сайхан сэтгэлтэй, зүтгэлтэй эмэгтэй олон жил зохицуулж, биднийг 40 гаруй удаа Японд тоглоход хамгийн гол үүргийг гүйцэтгэсээр ирлээ. Энэ хүн үндсэндээ 1998 оноос хойш 19 жил бидний бүх л тоглолтыг зохион байгуулснаас гадна АНУ-ын алдарт “Карнеги Холл” театрт тоглоход зуучилж өгсөн гавъяатай. Үүнээс гадна “Ардын эрх” сонин, өнөөдрийн “Монгол Ньюс”-ыг үүсгэн байгуулагч нэрт сэтгүүл Балдорж агсан Морин хуурын чуулгыг гадаад зах зээлд гарахад маш том үүрэг гүйцэтгэснийг бид бүхэн хүндэтгэн дурсч явцгаадаг. Балдорж агсан л анх Батчулуун багшийг Сато Норико гуайтай холбож өгсөн юм билээ. Яг өнөөдрийн байдлаар Монголын төр гэхээсээ илүүтэй урлагт элэгтэй, танил талын хүрээ өргөнтэй сайхан хүмүүсийн буянаар Морин хуурын чуулга дэлхийн энтэй чуулга болж Монголын урлагийг дэлхий даяар түгээж, танилцуулж яваа гэж ойлгож болно. Хүн хоорондын харилцаа, тэр ч байтугай улс хоорондын харилцааг эерэг болгоход урлаг үнэхээр том үүрэгтэй, нөлөөтэй байдгийг өнгөрсөн 25 жилийнхээ түүхээс сайн мэдэрсэн. Ямар ч орчуулагч, тайлбарлагч хэрэггүйгээр дэлхий даяар ойлголцдог ганц зүйл бол ердөө хөгжим л байдаг.

Ганц Морин хуурын чуулга гэлтгүй Монголын сонгодог хөгжим Жанцанноров, Шарав гуай нарын нуруун дээр оршин тогтносоор ирсэн нь нууц биш. Одоо ер нь Өлзийбаяраас өөр тэднийг залгамжлах авъяаслаг залуу хөгжмийн зохиолч байна уу?       

-Байгаа байгаа. Нэлээн даацтай бүтээл туурвиж байгаагаар нь Өлзийбаярыг онцлоод байгаа хэрэг л дээ. Түүний хамгийн сүүлд хийсэн “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжим байна. За Өлзийбаяраас гадна Эрдэнэбат, Түвшинтөр, Алтангэрэл, Мөнх ертөнц гээд авъяаслаг залуу хөгжмийн зохиолчид төрөн гарч л байна. Дээр нь одоо Косерваторид хөгжмийн зохиолчид бэлдэж эхлээд байгаа. Түүнчлэн рок попын хөгжмийг компьютерээр хийдэг залуучууд олон байгаа. Энэ дундаас төгөлдөр хуурч Чинбат, Одбаяр буюу Оки гээд чадалтай залуучууд байна. Бид эднээс “Энэ хөгжим бол яах аргагүй Азийн буюу Монголын хөгжим байна” гэж танигдахаар үндэсний онцлог шингэсэн, орчин цагийн шаардлага хангаж Морин хуурын чуулгын урын санд нийцэхүйц хөгжим зохиогоод өг гэдэг л шаардлага тавьж байгаа. Ганц Морин хуурын чуулга гэлтгүй Үндэсний их найрал хөгжим ч юмуу, Симфони найрал хөгжимд Монгол хөгжим байна гэж танигдахаар л хөгжим бичээд өгвөл өөрсдөө ч ур чадварын хувьд амархан ахиж хөгжөөд явчихна л даа. Ер нь л бол залуу хөгжмийн зохиолчидтой ярилцсан зүйл бий, тэд ч ажлаа хийж эхлээд байгаа.

-Энэ жилийн тухайд Морин хуурын чуулга гадаадад аялан тоглох гэрээ контракт бий юу?   

-Уг нь энэ засаг төр тогтвортой байсан бол Японд ээлжит тоглолтоо хийх байсан юм. Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Осакад тоглох байсан маань үндсэндээ цуцлагдаж байх шиг байна. Сая бас ОХУ руу Улаанбаатарын соёлын өдрүүдийн хүрээнд явах байсан чинь Нийслэл мөнгөгүй гээд больчихсон. Гэхдээ ирэх жилээс Японы хотуудын дарга нарын зөвлөл гэдэг байгууллагын урилгаар томоохон 40 гаруй хотоор аялан тоглох байх. Японд нийтдээ 600 гаруй хот байдаг гэсэн. Тэгээд Японы хотуудын дарга нарын зөвлөл гэдэг байгууллагаас манай чуулгыг Японы бүх хотуудаар ээлжлэн тоглуулах шийдвэр гарсан юм билээ. Тэгээд ирэх хавраас явж эхлэх болов уу.

-Морин хуурын чуулга өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах бололцоо бий юу?

-Манайх чинь Төрийн үйлчилгээний байгууллага гэж явдаг улсын мэдлийн чуулга л даа. Одоохондоо бидний харъяалагдаж байгаа Филармони маань хүртэл түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа юм шүү дээ. Соёлын төв өргөө бол нийслэлийн өмч гэж явдаг болохоор бид түрээслэж амьдардаг юм шүү дээ.

-Өнөөдөр Морин хуурын чуулга яг хэчнээн уран бүтээлчтэй вэ. Дундаж цалин хэд бол, орон сууцны зээлд хамрагдсан хэдэн уран бүтээлч байгаа вэ, гэр хороололд амьдардаг уран бүтээлч бий юу?

-Одоо ойн тоглолтод 16 морин хуур, 5 ятга, 2 ёочин, 2 эвэр бүрээ, 2 флейт, 3 их хуур, 1 төгөлдөр хуур, 5 цохиур хөгжимчин оролцоно. Нийтдээ надтай нийлээд 34 хүнтэй чуулга байгаа юм. Манай дундаж цалин 500 мянган төгрөгнөөсөө татвар энэ тэрээ төлөөд явдаг. Манай хөгжимчдөөс 3 хүн орон сууцны зээлд хамрагдсан. За гэр хороололд 2-3 хөгжимчин л амьдарч байгаа байх. Ихэнх нь түрээсийн орон сууц, аав ээжийндээ амьдарч байгаа байх. Гэхдээ ихэнх нь нэлээн хүндхэн л амьдарч байгаа нь маргашгүй үнэн шүү. Бид нар цалингаас цалингийн хооронд өр зээл тавиад хүндхэн амьдарч байхад БНСУ-ын том оркестрийн хөгжимчид сард 5 сая вонны цалин авдаг юм билээ. Энд нэг зүйлийг хэлэхэд багш эмч нар ажил хаяж нийгмийг турхираад байгааг би хувьдаа зөвтгөж үзэхгүй байгаа. Бид бол ямар ч хүндрэл бэрхшээл байлаа гэсэн нийгэмдээ үйлчлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй хүмүүс. Ямар ч үед энэ ажлаа хийх л ёстой гэж бодож явдаг. Тэмцэж жагсаж өлсөж байгаад цалингаа нэмүүллээ гээд түүнийг дагаад өргөн хэрэглээний бүх бараа үнээ нэмчихдэг болохоор ямар ч утгагүй хэрэг юм.

-За та бүхэнд ойн баяраа сайхан тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэн ерөөе?

-Их баярлалаа. Танай сайтын хамт олонд ч ажлын амжилт хүсэхийн ялдамд бидний яриаг таалан болгоож байгаа уншигчдад хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж манай хүндэтгэлийн тоглолтыг хүрэлцэн ирж сонирхоорой гэж урьж байна, баярлалаа.  

mongolcom.mn сайтаас оруулав.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

Холбоотой мэдээлэл